Монгол – Германы үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл уулзалт боллоо
Ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай сэдвээр ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн уулзалт аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын нэгний өдрүүдэд, ХБНГУ-ын Нюрнберг, Берлин, Франкфурт хотод боллоо.
Энэ жил манай улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд Монголын Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч Байгууллага (IFMS)-аас санаачлан “Герман-Монголын үнэт зүйлийн нэгдэл, нөхөрлөл” уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм.
Герман Улсаас гадна Европийн зарим оронд ажиллаж, амьдарч буй 50 гаруй Монгол иргэн эдгээр хотуудад цуглав. Тэд ардчиллын үнэт зүйл, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, бодит байдалд нийцсэн мэдээлэл хүртэх хүний үндсэн эрх, ёс зүйн өөрийн зохицуулалтын тогтолцоонд иргэний оролцоо, дэмжлэг зэрэг асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч Байгууллага (IFMS)-ын удирдах зөвлөлийн зарим гишүүн, Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн удирдлага оролцож, Монгол Улс дахь мэдээллийн эрх чөлөөний төлөв, хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн өөрийн зохицуулалтын түүхийн өрнөл, хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн оролцоо, хүний эрхийн зөрчил зэрэг өргөн сэдвээр мэдээлэл хийж харилцан ярилцав.
Европт суралцаж, ажиллаж буй Монгол иргэд ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн тулд хэвлэлийн эрх чөлөөний баталгаа, ёс зүйт хэвлэл мэдээллийн төлөвшил Монгол Улсад чухал ач холбогдолтой гэдгийг дуу нэгтэйгээр дэмжиж байлаа.
Энэ удаагийн арга хэмжээнд оролцож амжаагүй ч, ардчилсан, чөлөөт, шударга хэвлэл мэдээллийн суурь зарчмуудыг Монгол Улсад дэмжин дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах иргэний хүсэлтийг доорх холбоосоор хүлээн авах юм. Мөн Хэвлэл Мэдээллийн Ёс Зүйг Дэмжигч Байгууллага (IFMS)-ын www.ifms.mn, Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн www.mediacouncil.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.
Түүнчлэн тус арга хэмжээнд ХБНГУ-д аялан тоглолт хийж буй Төрийн их найралын хөгжимчид хөг аялгуугаа өргөж, уулзалтыг хөглөн халуун дулаан орчныг бүрдүүлсэн нь онцлогтой байлаа.
Энэхүү уулзалтыг ХБНГУ дахь Монгол Улсын элчин сайдын яам, “Mongolian Step” Соёл урлагийн агентлаг, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” дэмжиж хамтран ажиллав.