Бидний тухай

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА

Тус байгууллага нь нийгэм, соёл, эдийн засаг, хэвлэл мэдээллийн салбарын олон нийтээс бүрдсэн хамтын удирдлагын байгууллага бөгөөд Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс Зүйн Хорооны үйл ажиллагаа, түүний хөгжил дэвшил, үзэл санааг тогтвортой дэмжих үндсэн зорилготой юм.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хариуцлагыг бий болгох, мэргэжлийн ёс зүйг хөгжүүлэх зорилгын хүрээнд 2015 онд хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн төлөөллөөс бүрдэн сайн дурын санаачилга дор байгуулагдсан билээ. Тус зөвлөлийн Өргөдөл гомдол шийдвэрлэх Ёс зүйн хороо нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлын дагуу редакцын нийтэлж нэвтрүүлсэн бүтээл нь ёс зүйн зарчмыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргадаг ба үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар нийт 549 гомдол хүлээн авч шийдвэрлээд байна.

Дэмжигч байгууллага нь энэхүү Ёс зүйн хорооны 30 гишүүний шийдвэрийн бие даасан, хараат бус байдлыг хангах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг дэмжихийн хамт ёс зүйн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зэргээр ардчилсан чөлөөт шударга хэвлэл мэдээллийн суурь зарчмуудыг Монгол Улсад дэмжин дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах юм.